ЭКСПОРТЫН ДҮН 1.75 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 71.6%-ИАР ӨСӨВ

2026 оны 1 дүгээр сард алтны үнэ унц тутамд 4,463.9 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 1,324 ам.доллароор өссөн нь экспортын орлогыг нэмэгдүүлж, нийт дүнг 1.75 тэрбум ам.долларт хүргэсэн байна.

Дэлгэрэнгүйг дотоод зах зээлийн тойм хэсгээс уншаарай.

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!


Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.


ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны үнийн дүн 2025 оны хоёрдугаар хагаст эхний хагас жилтэй харьцуулахад 226%-иар өсжээ.

  • Alphabet компани ойролцоогоор 15 тэрбум ам.долларын бондын борлуулалтаар хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа талаар Bloomberg мэдээллээ.

  • "Сүү" ХК нь 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5.09 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

  • “Тавантолгой” ХК-ийн нүүрсний ханш 2025 онд доод үнээсээ 77.8%-иар өсөж түүхэн дээд өсөлт үзүүлсэн бөгөөд тухайн онд нийт 27.79 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 7.35 их наяд төгрөгөөр арилжаалжээ.

  • Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2025 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөн байна.
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2025 оны ногдол ашгаас 36 тэрбум төгрөгийг “Чингис хаан” үндэсний баялгийн санд төвлөрүүлжээ.

  • "Ард даатгал" ХК нь 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

  • "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн нийт хувьцааны тоо 61,874,216 болж үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оржээ.

  • "Өмнөговь бонд" өрийн хэрэгсэл "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдлээ.

  • "Лэндмн ББСБ" ХК нь 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 16.5 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

✨ ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ 

🏆 Үнэт цаасны давуу тал: 


✅ Үнэт цаас гаргагч: Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (МИК ОССК)
✅ “МИК Холдинг” ХК‑ийн баталгаатай
✅ Тогтмол хүүтэй хаалттай бонд (биржийн бус зах зээл)
✅ Хүүгийн төлөлт тогтмол – хагас жил тутам
✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж
✅ Транчийн нөхцөл (жилийн хүү):
 • ₮ 12 сар – 17.5%
 • ₮ 18 сар – 18.0%
✅ Олон улсын зээлжих зэрэглэл: Moody’s B3 (Тогтвортой), S&P Global B- (Тогтвортой)


👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.


📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ


МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ?

  • Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 54,577.38 нэгжид хүрч 0.62 хувийн уналттай хаагдлаа.

  • Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 9,687 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 14,037 тэрбум төгрөг болжээ.

  • "Мандал Даатгал" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн долоо 26.31 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Айтүүлс" ХК-ийн ханш -16.29 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо.

МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Экспорт өмнөх оны мөн үеэс 71.6 хувиар өслөө

2026 оны 1 дүгээр сард Монгол Улсын экспортын нийт дүн 1.75 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 71.6%-иар өссөн байна. Экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэсийн хүдэр, баяжмал бөгөөд нийт экспортын 88.9%-ийг БНХАУ эзэлжээ. Швейцар улсад гаргасан экспортын барааны 99.3%-ийг алт бүрдүүлсэн нь онцлог үзүүлэлт болов. Алтны экспортын хилийн дундаж үнэ унц тутамд 4,463.9 ам.доллар болж, өмнөх сараас 513 ам.доллароор өссөн нь экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэв. Импортын нийт дүн 843 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 12.6%-иар буурсан нь эдийн засгийн хэрэглээний бүтцэд өөрчлөлт гарсныг илтгэж байгаа юм.  Ийнхүү экспортын хэмжээ огцом өсөж, алт болон зэсийн үнэ нэмэгдсэн нь Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн ч импортын бууралт, БНХАУ-ын зах зээлд хэт төвлөрсөн экспортын бүтэц нь эрсдэл дагуулж байгаа тул олон талт экспортын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.


Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2026 оны 1 дүгээр сард нийт 1.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнээс Дархан-Уул аймаг дахь салбар 61 кг, Баянхонгор аймаг дахь салбар 456.9 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 50.2%-иар өссөн үзүүлэлт бөгөөд Монголбанк үнэт металлыг дэлхийн зах зээлийн үнээр тогтоон худалдан авдаг юм. 2026 оны 1 дүгээр сард алт худалдан авах дундаж үнэ 539,587.33 төгрөг байв. Монголбанк үнэт металлын худалдан авалтаа тогтвортой нэмэгдүүлж байгаа нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдал, валютын нөөцийн баталгааг бэхжүүлэхэд стратегийн ач холбогдолтой алхам болж байна.


2025 онд төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарлаа

2025 онд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 1.0 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Урсгал данс 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан ч өмнөх оноос 54.2%-иар буурсан нь эерэг үзүүлэлт болов. Алдагдал буурахад барааны худалдааны ашиг 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдсэн, үйлчилгээний худалдааны алдагдал 469.5 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ. Үйлчилгээний худалдааны орлого 2.0 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 25.1%-иар өссөн нь тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал болон бусад үйлчилгээний орлогын нэмэгдлээс шалтгаалсан байна. Харин анхдагч орлогын дансны алдагдал 169.2 сая ам.доллароор өсөж, хоёрдогч орлогын дансны ашиг 64.5 сая ам.доллароор буурсан нь сорилт болжээ. 2025 онд төлбөрийн тэнцэл ашигтай гарсан нь экспорт болон үйлчилгээний орлогын өсөлттэй холбоотой эерэг үзүүлэлт боловч анхдагч орлогын алдагдал, санхүүгийн дансны ашиг буурсан нь сорилт болж, цаашид экспортын бүтцийг төрөлжүүлж үйлчилгээний салбарыг өргөжүүлэх шаардлагатайг харуулж байна.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍

  АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХУВЬЦААНУУД ОГЦОМ БУУРЧ, АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ ХАМГИЙН БАГА ТҮВШИНД ХҮРЭВ

АНУ-ын томоохон хувьцааны индексүүд өнгөрсөн долоо хоногт холимог байдлаар арилжаалагдсан бөгөөд технологийн компаниуд 2022 оноос хойших хамгийн том уналтад орж, хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалтын эрсдэлээс шалтгаалан огцом буурсан бол үнэ цэнд суурилсан салбарууд хөрөнгө оруулагчдын эргэлтээр өсөлтөө хадгалсан байна.


Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд таамгаас доогуур гарч, ADP-ийн тайлангаар хувийн хэвшилд нэгдүгээр сард ердөө 22,000 ажлын байр шинээр бий болсон нь хүлээлтээс бага үзүүлэлт байлаа. 2025 онд нийт 398,000 ажлын байр нэмэгдсэн нь 2024 оны 771,000-тай харьцуулахад эрс буурсан бөгөөд ажлын байрны зарлал 6.542 саяд хүрч 2020 оноос хойших хамгийн бага түвшинд хүрсэн байна.


Үйлдвэрлэлийн PMI нэгдүгээр сард 52.6 болж, 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэн тэлэлтийн бүсэд орсон бол үйлчилгээний PMI 53.8 хэвээр хадгалагдаж, дараалан 19 дэх сардаа өсөлтөө үргэлжлүүлсэн нь үйлчилгээний салбарын тогтвортой тэлэлтийг харуулж байна.

  ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

ЕВРОПЫН ТӨВ БАНК ТАВ ДАХЬ УДААГАА БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨӨРЧЛӨЛТГҮЙ ХАДГАЛЛАА

Европын хувьцааны зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлттэй арилжаалагдаж, STOXX Europe 600 индекс 1.0%-иар нэмэгдэн шинэ дээд түвшинд хүрч, Германы DAX, Италийн FTSE MIB, Францын CAC 40 болон Их Британийн FTSE 100 бүгд өсөлттэй өндөрлөлөө.


Европын Төв Банк бодлогын хүүгээ тав дахь удаагаа өөрчлөлтгүй хадгалж, инфляц дунд хугацаанд 2%-ийн зорилтот түвшинд тогтворжино гэж мэдэгдсэн бөгөөд нэгдүгээр сард инфляц 1.7%-д саарч, үндсэн инфляц 2.2%-д хүрч 2021 оноос хойших хамгийн бага түвшинд хүрсэн байна. 


Еврозоны жижиглэн худалдаа арванхоёрдугаар сард 0.5%-иар буурсан ч улирлын дүнгээр 1.4%-иар өссөн нь өрхийн хэрэглээ нэмэгдсэнийг харууллаа. Харин Их Британийн Төв Банк бодлогын хүүгээ 3.75%-д хадгалсан ч дөрвөн гишүүн бууруулах санал өгснөөр гуравдугаар сард хүү буурах хүлээлт нэмэгдлээ. 

  ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭ ЖИЛИЙН ДҮНГЭЭР 2.6 ХУВИАР БУУРЛАА

Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээл өсөлттэй арилжаалагдаж, Nikkei 225 индекс 1.75%-иар, TOPIX индекс 3.72%-иар нэмэгдэн өндөрлөсөн нь сонгуулийн өмнөх өөдрөг хандлага зах зээлийг дэмжив.


Иен ам.долларын эсрэг сулран 157 орчимд хүрсэн нь Засгийн газрын төсвийн тэлэлт, татвар бууруулах хүлээлттэй холбоотой байлаа. Ерөнхий сайд Такэичи сул иенийг экспортын салбарын боломж гэж тодорхойлсон ч дараа нь ханшийн хэлбэлзэлд тэсвэртэй эдийн засгийн бүтэц чухал гэдгийг онцлон тайлбарласан нь зах зээлд тодорхой дохио өгсөн байна.


Эдийн засгийн үзүүлэлт талаас, арванхоёрдугаар сард өрхийн хэрэглээ жилийн дүнгээр 2.6%-иар буурсан нь инфляцын дарамтаас үүдэлтэй бөгөөд сонгуулийн өмнө иргэдийн гол санаа зовнил болж байна. Үүнийг харгалзан Такэичи хүнсний хэрэглээний татварыг хоёр жилийн хугацаанд 0% болгохоо амлаж, амьжиргааны зардлыг бууруулах зорилт тавьсан нь иргэдийн дэмжлэгийг татах алхам боллоо.

  ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ХЯТАДЫН ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНД PMI ХОЁР ТАЛЫН ЧИГ ХАНДЛАГА ИЛЭРХИЙЛЭВ

Өнгөрсөн долоо хоногт Хятадын голлох индексүүд бууралттай арилжаалагдаж, CSI 300 индекс 1.33%-иар, Shanghai Composite 1.27%-иар унасан бол Хонгконгийн Hang Seng индекс 3.02%-иар огцом буурлаа.


S&P Global-ийн судалгаагаар үйлчилгээний PMI 52.3 болж гурван сарын дээд түвшинд хүрсэн нь шинэ экспортын захиалга нэмэгдсэнтэй холбоотой байв. Үйлдвэрлэлийн PMI мөн хоёр дахь сардаа дараалан тэлэлтийн бүсэд орж, 50.3-д хүрсэн нь шинэ захиалга, ажлын байр нэмэгдэлт, үйлдвэрлэлийн үнэ өссөнтэй уялджээ.


Гэвч улсын статистикийн газрын PMI харин эдийн засгийн өргөн хүрээний саарлыг илтгэж, дотоодын хэрэглээний эрэлт сул хэвээр байгааг харуулсан нь судалгаанаас зөрүүтэй дүр зураг үзүүлэв. Bloomberg-ийн мэдээлснээр эдийн засагчид Хятадын Ардын Банк энэ онд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хандлагатай гэж үзэж байгаа нь зах зээлийн хүлээлтийг тодорхойлж байна.

🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ | ХЯТАД УЛС: ДЭЛХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БОЛСОН ТҮҮХ

ХЯТАД УЛС 2010 ОНД АНУ-ЫГ ГҮЙЦЭЖ, ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАЙР СУУРИЙГ ЭЗЭЛСЭН БОЛ 2024 ОНД МӨН ЭНЭ БАЙР СУУРИА УЛАМ БАТАТГАЖЭЭ.


🏭 Тус улсын үйлдвэрлэлийн салбарын нийт үнэлгээ нь 4.67 их наяд ам.долларт хүрч, өмнөх оноос 6.0 хувийн өсөлт үзүүлэн, ДНБ-ий 24.86 хувийг бүрдүүлсэн байна. Үйлдвэрлэлийн энэ өсөлтөд металлурги, машин үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл зэрэг голлох салбарууд чухал үүрэг гүйцэтгэж, Хятадын эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр үлдэж байна.


ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГОЛЛОХ САЛБАРУУД:


🔹 Металлурги, машин үйлдвэрлэл – Тус улс үйлдвэрлэлийнхээ 40%-ийг металлурги, машин үйлдвэрлэлийн салбараар бүрдүүлж, өндөр технологи, хүнд үйлдвэр зэрэг чиглэлд тэргүүлж байна.


🔹 Хими, бордоо, хуванцар – Азийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болж, химийн үйлдвэрлэл, бордоо, хуванцар зэрэг бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд хүчтэй байр суурь эзэлжээ.


🔹 Хувцас, гэр ахуйн эдлэл, хүнсний үйлдвэрлэл – Дэлхийн экспортын тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд хувцас, гэр ахуйн эдлэл, хүнсний бүтээгдэхүүн Хятадын үйлдвэрлэлийн тулгуур багана болж байна.


🔍 Харин АНУ харьцангуй бага хувийг эзэлдэг ч өндөр технологи, инновацын салбарт хүчтэй өрсөлдөж, Герман автомашин, хими, электроникийн салбараар Европт тэргүүлжээ.


Италид механик инженерчлэл, хүнсний боловсруулалт, загварын үйлдвэрлэл онцгой байр суурь эзэлдэг. Харин Бразил Өмнөд Америкийн гол үйлдвэрлэгч хэвээр үлдэж, автомашин, хүнсний бүтээгдэхүүн, химийн үйлдвэрлэл, агаарын тээвэр зэрэг салбараар тэргүүлж байна.


🌍 Ойрх Дорнодын үйлдвэрлэлийн салбарт Саудын Араб, Турк улс тэргүүлж, нефт, хуванцар, автомашин, электрон хэрэгсэл, машин үйлдвэрлэл зэрэг салбарт хүчтэй байр суурь эзэлжээ.


🌱 Бүс нутгийн өрсөлдөөн улам хүчтэй өрнөж буй өнөө цагт технологийн шинэчлэлээр тэргүүлэгч улс орнууд экспортын зах зээлд давамгайлах хандлагатай болж байна. Үүний зэрэгцээ, тогтвортой хөгжлийн бодлоготой, байгальд ээлтэй үйлдвэрлэл дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлж, ирээдүйн өсөлт, дэвшлийг урагшлуулсаар байгаа.

🧑‍🏫 ТАНЫ МЭДЛЭГТ | EX-DIVIDEND EFFECT ГЭЖ ЮУ ВЭ?


Ногдол ашгийн бүртгэлийн өдрийн дараахан хувьцааны ханш унах хандлагатай байдаг. Ийнхүү хувьцааны ханш унах үзэгдлийг Ex-Dividend Effect гэж нэрлэдэг. 


Уг үзэгдлийн дагуу бүртгэлийн өдөр өнгөрч, хувьцаанаас ногдол ашиг хүртэх боломжгүй болсноор тухайн алдагдсан үнэ цэн хувьцааны ханшид нөлөөлж, бууруулах ёстой гэж үздэг.


Энэ нөлөөллийн дагуу хөрөнгө Монгол Улсад саяхан Хаан Банк ХК-н хувьцааны ханш нэг өдрийн дотор огцом унасан юм.


Хөрөнгө оруулагчид ногдол ашгийн бүртгэлийн өдөр өнгөрсөн даруйд Хаан Банк ХК-н хувьцааг их хэмжээгээр зарж, ханш нь 14.9 хувиар буурсан. Ийнхүү МХБ дээр тус хувьцааны ханш 2025 оны 4-р сарын 2-ны өдөр 1,326 төгрөг байсан ч маргааш буюу 4-р сарын 3-ны өдөр 1,128 төгрөг болсон билээ.


Logo

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.